Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цас орж, Архангай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Увс аймгуудад цасан шуурга болсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  9-14 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан,  бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11,12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын хашаанд 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:52 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар баг “Доц” ХХК-ийн гараашд “Хьюндай Грейс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07-ны өдрийн 07:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.6 км зам туулан 07:34 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Боржгон” багийн 11 дүгээр гудамжинд иргэн Э-ийн “Болор толь” авто угаалга, авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 18:29 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ хоёр гарын алга түлэгдсэн /1, 2-р зэргийн түлэгдэлттэй/-ийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Их булан” багийн задгайд иргэн А-ийн хашаанд хураалттай 3 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 20:45 цагт очиж 1 цаг 53 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр баг иргэн Э-ын 6х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 02:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км замыг туулан 03:03 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ мэдээлэл холбоо сүлжээний газрын антенийн байгууламжид жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан иргэн Х/42 настай, эрэгтэй/ 03.06-ны өдрийн 13:00 цагт ажлын газраас гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 06:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, Бугат сумын ЗДТГ-аас 5 хүн, Буянт сумын ЗДТГ-аас 8 хүн, Мэдээлэл холбоо, сүлжээний газраас 20 хүн, ар гэрээс нь 9 хүн, нийт 48 хүн, 1 албаны эрэлч нохой, 7 автомашинтайгаар 07:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Х-г 13:20 цагт Өмнөгол багийн Хөх говь гэдэг газраас эсэн мэнд олсон.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 7 дугаар байрны 11 дүгээр давхраас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 10:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 10:50 цагт очиж 10 минут ажиллан иргэн М/30 настай, эмэгтэй/ нь цонхоор үсрэх гэж байсныг аварч аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

4. Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн Н-ийн /39 настай, эмэгтэй/ 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатсан мэдээллийг 03.08-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй нэг иргэн өртөж нас барсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top