Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд зарим газраар, 24-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 08:05 цагт хүлээн авч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 08:16 цагт очиж, иргэн Т-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 21:17 цагт очиж, иргэн И-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багт иргэн Э-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 10:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 10:11 цагт очиж, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах ажиллагааНийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 01.20-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 20:19 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top