Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус,   Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 16-аас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 10:20 цагт очиж, иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 23:57 цагт очиж, иргэн А-ийн эзэмшлийн “Ниссан Санни” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 01:52 цагт очиж, иргэн Ц-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний таазны хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Жигжид” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 03:52 цагт очиж, иргэн Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 1 дүгээр хэсэгт иргэн Ш-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 04:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5   км замыг туулан 04:40 цагт очиж, 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Объектын түймрийн талаар: Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Н-ын 5 ханатай гэр, малын хашаа, бууц 12.13-ны өдрийн 10:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус сумын Дал багийн Засаг дарга Т.Уламцэнгэлээр ахлуулсан Засаг даргын Тамгын газрын 7 ажилтан, 1 автомашинтай очиж, 2 цаг 40 минут ажиллаж унтраасан.

scroll to top