Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

Төлөв байдал:  28-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд зарим газраар, 30 болон 10-р сарын 1-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар эрс сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 4 ханатай гэр, “Сузуки Кей” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 09:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 13:09 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багт 8х10 метрийн хэмжээтэй байшин, 4х8 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:17 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 15:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 15:17 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 15:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:50 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 19 алба хаагч, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 1 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, орон нутгийн 145 иргэн, нийт 168 хүн, 29 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна.  09.25-ны өдрийн 13:45 цагт түймрийг цурманд оруулсан.

Хээрийн түймэр: Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багийн “Бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.26-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, Отгон сумын 111 иргэн, Цагаанчулуут сумын 12 иргэн, Шилүүстэй сумын 11 иргэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 18 иргэн, нийт 164 хүн, 20 автомашин, 10 мотоциклтэй 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Бургастайн-Ам”, 2 дугаар бүлэг “Түргэний-Ам”, 3 дугаар бүлэг “Дунд салаа”-ны чиглэлд түймрийг унтраахаар ажиллаж байна. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар буюу “Бест камп” хамгаалалтын цэгт очсон. 09.26-ны өдрийн байдлаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын шийдвэрээр мөн өдрийн 09:00 цагаас “Их-Ойгор” багийн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын хаалгаас Цэнгэл сум хүртэл 110 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоосон. Тус аймгийн Цагдаагийн байгууллагад тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.23-ны өдөр хүргүүлсэн.

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн “Хөх толгой” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т/ малчин А /60 настай, эрэгтэй/ 09.22-ны өдрийн 20:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.26-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 35 иргэн, нийт 40 хүн, 4 автомашин, 14 мотоцикл, 3 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  мөн өдрийн 18:20 цагт иргэн А-г гэрээс нь 2 км-т “Булан” гэдэг газарт нас барсан байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top