Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с зарим газраар секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Бороо орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө 16-18 м/с, зарим үед 22-24 м/с хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд шинээр баригдаж байгаа 105 айлын 10 давхар нийтийн орон сууцны барилга дээр ажиллаж байсан угсармал авто өргөгчийн хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 02:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 02:42 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн задгайд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 04:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19 км зам туулан 04:35 цагт  очиж 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт хашаанд хураалттай түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 13:34 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 15:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 15:15 цагт  очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшингийн дээвэр  шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:41 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 01:30 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, дугаартай “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг  4 цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, Г /5 настай, эмэгтэй/, А /5 настай, эмэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.    

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цөх багийн “Хоёр-Элсний гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ суудлын автомашин авто замын хажуу руу унасан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс Алтанбулаг сумын төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн жолоодож явсан “Пилдер” загварын суудлын автомашин онхолдож автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тус аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн харьяат иргэн М /34 настай, эмэгтэй/, С /32 настай, эмэгтэй/, О /20 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 14:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.18-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан “Найрамдал” уулаас  “Хасбаатар”-ын хөшөө хүртэл 15 км-т 2 удаа самналт, 6 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:15 цагт түр зогсоосон. 06.19-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Өндрөөс аврах: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт 3 давхар орон сууцны барилгын дээвэр дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 08:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж тус У /18 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 3 давхар барилгын дээврээс унах гэж байсныг 08:35 цагт эсэн мэнд буулгаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Бусад: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Мянган ламт” ууланд 06.18-ны өдрийн 12:00-13:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас “Мянган ламт” ууланд уруйн үер болж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвөөс тус аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 албан хаагч 1 автомашинтай 72.5 км зам туулан 15:10 цагт очиж усанд суусан автомашиныг татан гаргасан.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарТөв аймгийн Лүн сум, Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн улсын чанартай А0301 замын 110-113 дахь км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ 06.15-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас  хатуу хучилттай автозамын 2 хэсэгт, нийт 2 км орчим зам сэтэрч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан. “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийн 25 ажилтан, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.17-ны өдрийн 18:30 цагт шинээр туслах зам гаргаж автотээврийн хөдөлгөөнийг нээсэн. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 13 иргэн, 3 автомашин, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.16-ны өдрийн 22:30 цагийн байдлаар шаварт суусан 10 автомашин, 42 зорчигчийг татан гаргаж, 4 айл, 11 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багт /аймгийн төвөөс хойд зүгт 226 км-т/ 10х15 хэмжээтэй байшингийн хана шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч орон нутгийн 16 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр 30 минут ажиллаж, бүрэн унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top