Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:   15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 26-28 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Хан Түшээ” хотхонд Мон Жанхар” ХХК-ийн 16х17 метрийн хэмжээтэй сэндвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 18:34 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Төмөр замын Баянтүмэн тасгийн хэрлэн өртөөний хашаанд гүүрэн өөрөө өргөгч машины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг  05.14-ний өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 04:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Их наран”-гийн 14 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, 4 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 08:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 08:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 75 дугаар гудамжинд иргэн Ц-ын хашаанд шар өвс, 1 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:45 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Шинэст” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн М-ын 3х10 метрийн хэмжээтэй  малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:36 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Баяннуур хорооллын 9 дүгээр гудамжинд иргэн С-ын 10х25 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 22:14 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 19 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 22:53 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Ар гүнт”-ийн “Задгай”-д иргэн Ц-ийн 5 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 01:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 72.5 км зам туулан 03:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн 5 дугаар гудамжинд иргэн Б-ын хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны  өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 14 км зам туулан  23:31 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ганцын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хилийн 0243 дугаар анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж 05.13-ны өдрийн 10:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 2100 га ойн талбай шатсан. 

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Морин дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 0.5 га ойн талбай шатсан.

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Мэнэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 05.14-ний өдрийн 03:00 цагт унтраасан.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

  5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /56 настай, эрэгтэй/  Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тул тус аймгийн Онцгой газар 04.27-ны өдрөөс 05.06-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд тухайн иргэний цогцос тус багийн “Сүмийн булан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 4 км-т/ усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

 Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 10:43 цагт очиж, иргэн С/37 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Дивизын гарам” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 15.5 км-т/ Хэрлэн голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15.5 км зам туулан 20:30 цагт очиход Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Эдван” загварын суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top