Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Завхан, Төв, Увс, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар 12-14 м/с, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, Олон нууруудын хөндий болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Жаргалант багийн “Харзатын даваа” гэдэг газар /Баганнуур дүүргээс зүүн зүгт 42 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ иргэн Д-ийн 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй граж, 70х4 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 01:47 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 42.5 км зам туулан 04:22 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 80 бог мал, 76 төл мал, нийт 156 мал өртөж хорогдсон.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 55 дугаар байрны иргэн Д-ын  тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 14:00  цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.2 км зам туулан 14:03 цагт очиж 2 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 7 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг  зүүн урд талд байрлах хогийн сав шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 14:34  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан  14:38 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 11 дүгээр гудамжинд иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 15:00 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2  дугаар багийн “Хад” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 55 км-т/ малчин Н-н өвөлжөөнд хураалттай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 55 км  зам туулан  22:08 цагт очиж 15 минут ажиллаж галыг бүрэн унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Тэмүүлэл” хотхоны 101 дүгээр байр иргэн О-ын 5х8 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 20:06 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Иргэн О /39 настай, эрэгтэй/ цонхоор гарч байгаад цонхны шилэнд зүүн хөлнийхөө тавхайг зүссэн байсан тул НЯТТ-д шилжүүлэн өгсөн.   

Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 9х4 метрийн хэмжээтэй, 6х4 метрийн хэмжээтэй байшин өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 23:58 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /сумын төвөөс   баруун хойд зүгт 35 км-т/ малчин Б-ийн 21х16 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 31 км зам туулан 04:19 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Малчин багийн “Задгай”-д иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 17:00 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр:Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.27-ны өдрийн 23:50 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж 05.01ний өдрийн 19:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 13 га талбай шатсан.           

      Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 19 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт цурамд оруулсан. 04.30-ны өдрийн байдлаар түймрийн голомтод бага зэргийн салхитай, цурам дотор цэвэрлэгээ хийн ажиллаж, түймрийн талбайг бүтэн тойруулан зурвас татсан. 05.01-ний өдрийн 14:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 20 га ойн талбай шатсан.          

Архангай аймгийн Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.29-ний өдрийн 08:00 цагт цурамд оруулсан. 05.01-ний өдрийн 16:00 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар ойн талбай 7 га, хээрийн талбай 13 га шатсан.

Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд  зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, ҮАБ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж баруун урд, баруун, баруун хойд талыг барьсан зүүн тал, зүүн хойд талд ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан./          

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн сургалт, гал түймрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Аврах анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ус сувгын удирдах газар, нийслэлийн ногоон бүс дэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, “Мөнх хас цамхаг” ХХК-ийн ажилчид ойн түймрийг унтраахар ажиллаж 13:18 цагт цурамд оруулсан. Цурмыг манаж хоносон. Уг гал түймэрт 1.5 га талбай шатсан.  

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Түймрийг 04.28-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулсан. 04.30-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд түймрийг бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан./      

      Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  5 дугаар багийн “Онгоны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.30-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Их- Өтөгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн Нуруу” Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд 2 хуваагдан ажиллаж түймрийг мөн өдрийн 01:15 цагт цурамд оруулсан. 05.01-ний өдрийн 17:10 цагт унтраасан. Уг гал түймэрт 200 га талбай шатсан.

  4.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Зөөлөн багийн “Зүүн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Н  /39 настай, эрэгтэй/ 04.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Энхтүвшингээр ахлуулсан иргэд ажиллагааг зохион байгуулж 05.01-ний өдрийн 10:10 цагт Зөөлөн багийн “Зөөлөн-Уул” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өндрөөс аврах:Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 16 дугаар байрны 9 давхар байрны 4 дүгээр давхрын цонхоор эмэгтэй хүн унасан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 10:55 цагт очиход тус байрны оршин суугч иргэн С /45 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 4 дүгээр давхрын цонхоор орцны хаалганы саравч дээр унаж гэмтсэн байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир  багийн “Улаан жирээ” гэдэг газар  /сумын төвөөс баруун урд  зүгт 15 км-т/ Тус аймгийн Сүхбаатар сумын иргэн Б /60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. 04.30-ны өдрийн 06:57 цагаас Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг Улаан шивээ гэх газраас Ноён уулын хавцал хүртэл 15 км, Улаан шивээ гэх газраас Сүмийн булан хүртэл 7 км зайд усаар завьтай урсаж, анх унасан газраас 50 м-ийн радиус дотор 2 удаа гүнийн шумбалт хийн, нийт 22 км зайд усаар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 05.01-ний өдрийн 09:00 цагт  ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 05.04-ний өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн 8 дугаар гудамжинд иргэн Э /59 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 3 метр гүнтэй нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 17:33 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 17:57 цагт очиж иргэн Э /59 настай, эмэгтэй/-г нүхэн жорлонгоос татан гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн 1 дүгээр гудамжинд тус сумын харьяат иргэн Д-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин 05.01-ний өдрийн 10:00 цагт шатсан. Мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мягмар мөн өдрийн 11:34 цагт аймгийн Онцгй байдлын газарт ирүүлсэн.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Ганганы-Өвөлжөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км/ тус сумын харьяат малчин Э-ын 5 ханатай 2 гэр 05.01-ний өдрийн 14:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Өлзийжаргал мөн өдрийн 17:01 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

       

 

scroll to top