УЛААНБААТАРТ ТАВАН ӨДӨР ДАРААЛАН УСАРХАГ БОРОО ОРНО

444.png

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангаж, болгоомжтой зорчих,
Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top